Mongolian English (United Kingdom)Та манай сайтруу -р орно уу. Баярлалаа!

2011 оны макро эдийн засгийн дүр төрх

ХэвлэхИ-мэйл

2011 оны макро эдийн засгийн дүр төрх

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Санхүү, эдийн засгийн салбар зөвлөлөөс эдийн засгийн өсөлт, бодит секторын бодлогын дэд зөвлөлийн хуралдааныг өнөөдөр иргэний танхимд зохион байгууллаа.

Хуралдааныг Ер
өнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж нээж хэлэхдээ Монголын эдийн засаг хямралын өмнөх түвшиндээ очиж, валютын нөөц нэмэгдэн 1,8 тэрбум доллар болсныг дурдаад дэлхийн улс орнууд төсөв зардлаа бууруулах чиглэл барьж байгааг тэмдэглэв. Мөн дэлхийн эдийн засгийн дараагийн шатны хямрал Засгийн газруудынөрөөс үүдэлтэй байж болох, Монголд хэрэгжүүлсэн "Стэйнд бай" хөтөлбөрийн үр дүнд хямралын эсрэг дархлаа үүссэн эсэх, мөнгөний эрэлт, нийлүүлэлт нэмэгдэхэд сөрөг ямар нөлөөлөл үүсэх, сүүлийн 3 жилд ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 1900 доллар буюу 4 дахин өссөн атлаа ядуурал яагаад буурахгүй байгаа, долларын ханшийг төгрөгийг чангаруулах замаар баривал байдал хэрхэх, уул уурхайн компаниудын 50 дээш хувийг гадаадынхан эзэмшиж буй нь тэдгээрийн орлого хилийн чанадад төвлөрч монголд орж ирэхгүй болчих юм биш биз гэсэн болгоомжлол төрүүлэх болсон, Монгол банк одоогийнхоо ийм их эрх мэдлийг хадгалсаар байх нь зөв үү гэхчлэн олон асуудлуудад анхаарч санал бодлоо илэрхийлэхийг тэрээр оролцогчдоос хүсэв.   Хуралдаанд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны хөгжлийн бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга Г.Батхүрэл "Монгол Улсын 2011 оны макро эдийн засгийн чиг хандлага", Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн "Макро эдийн засгийн динамик загвар МОН-3", Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Л.Цэдэндамба "Кластерийн онол, арга зүй, гадаад орнуудын туршлага", Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны макро эдийн засаг, статистикийн газрын орлогч дарга Э.Эрдэнэсан "Салбар хоорондын баланс судалгааны тайлан мэдээлэл" гэсэн сэдвүүдээр илтгэл тавьж, чөлөөт ярилцлага өрнүүллээ.   Илтгэгч макро эдийн засагт нөлөөлөх гол хүчин зүйл улсын болон хувийн хөрөнгө оруулалт, төсөв, мөнгөний бодлого, уул уурхайн салбарын бүтээгдэхүүний гарц зэрэгт тулгуурлан ДНБ-ий хэмжээ, өсөлт, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, инфляци, ажил эрхлэлт, ажилгүйдэл ямар төлөвтэйг баримтаар өгүүлсэн юм.   2011 онд хувийн хөрөнгө оруулалт их хэмжээгээр өсөхийн зэрэгцээ мөнгөний нийлүүлэлт 33.2 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Экспорт, ялангуяа нүүрс, алт, гянтболд, цайр, түүхий нефтийн экспорт нэмэгдэнэ. Эдийн засгийн өсөлт 8.2 хувьтай байх тооцоо хийсэн ажээ. Ажил эрхлэлт уул уурхайн салбарт өсч, ажилгүйдэл буурах хандлагатай юм байна. Нийтэд нь авч үзвэл макро эдийн засаг тогтвортой, өсөлт өндөр байхаар дүр зураг тодорч буй бололтой. Гэхдээ их хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалт, хөрөнгийн дотогшлох урсгалын нөлөөгөөр төгрөгийн ханш нэлээд чангарах төлөвтэй байна. Энэ нь дотоодын түүхий эдэд түшиглэсэн экспортын чиглэлийн үйлдвэрүүдийн ашигт ажиллагаанд сөрөг нөлөөтэйг илтгэгч хэллээ.   Толгой компани, түүнтэй ойролцоо орших жижиг, дунд компаниудын хоршин ажиллах хэлбэр болсон кластерын зохион байгуулалт нь дэлхийн олон оронд хэрэглэгддэг, эхний 2-3 жидээ гэхэд л 40 хувийн ашиг өгдөг аж. Ийм зохион байгуулалтад монголын компаниуд, ялангуяа нөхөн сэргээгдэх эх үүсвэртэй салбаруудын аж ахуйн нэгжүүд шилжих цаг болсныг илтгэгч дурдаж, олон орны туршлагаас баримтаар ярилаа. Нэлээн олон жилийн хамтын хөдөлмөрөөр бий болгосон "Макро эдийн засгийн динамик загвар МОН-3" -ийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн танилцуулж, эдийн засаг бол цогц эд, иймээс орчин үед статик бус динамик загварчлалыг ашиглах хэрэгтэйг анхаарууллаа. Энэ нь эдийн засгийн 50-60 жилээр давтагддаг гинжин долгионыг харгалзан бодитой төлөвлөхөд ч ач холбогдолтой юм байна.   Монгол Улсад салбар хоорондын тэнцлийг 5 жилд нэг гаргадаг ажээ. Уг нь энэ тэнцлийг нарийвлан гаргах нь улс төржсөн шийдвэрийн хор уршгийг урьдчилан харах, салбар хоорондын уялдааг зохицуулахад ихээхэн ач холбогдолтойг илтгэгчид болон хуралдаанд оролцогчид онцлон дурдаж байв.   Ерөнхийлөгчийн дэргэдэх Санхүү, эдийн засгийн салбар хуралдааны илтгэл, мэдээллүүдтэй тухай бүр нь www.president.mn сайтын санхүү, эдийн засгийн булангаас танилцах боломжтой.

Өдрийн сонин

2010.10.28